2018/02/21

САР ШИНИЙН БАЯР ӨРГӨН ДЭЛГЭР, ӨНГӨТЭЙ САЙХАН БОЛЛОО



Манай цогцолбор нь Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тусгай удирдамж, хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.


Битүүний өдөр үндэсний бөхийн барилдааныг 3 насны ангилалаар явуулж нийт 45 хүүхэд залуус хүч бяр, уран мэхээ уралдуулан сорин зодоглосноос:

Бага насны ангилалд Тэмүүлэл бүлгийн Б.Нямжаргал, И.Тэмүүлэн, Дунд насанд Тусгай салааны Ч.Алтансондор, Ирээдүй бүлгийн Г.Мөнхжаргал, Ахлах насанд Залуучуудын төвийн Б.Эрдэнэ-Очир, Ү.Идэрбямба нар урамтай сайхан барилдаж үзүүр,  түрүүнд шалгарч сар шинийн барилдаан амжилттай болж өндөрлөсөн. 



Шинийн 4-ний билэгт сайн өдөр цогцолборын багш ажиллагсад болон байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадууддаа урьж нэгдсэн золголт хийн, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн баярын мэндчилгээ дэвшүүллээ.




Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулагдсан үйл ажиллагаануудад идэвхи зүтгэл гарган оролцсон хүүхэд залуус, багш ажиллагсдадаа  талархал илэрхийлж,  гарч буй Нохой жилдээ аз хийморьтой, эрүүл энх байж,  сурлага хөдөлмөр, ажил үйлстэй  өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.





2018/02/20

“Сансар бүлгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан-2018”


Хүүхэд, залуучуудыг үндэсний бөхийн спортоор хичээллэх, хүсэл сонирхлыг дэмжих, багш ажилтнуудынхаа авьяас чадварыг алдаршуулах зорилгоор сансар бүлгийн хүүхдүүд Арвандолдугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн үндэсний бөхийн аваргуудыг шалгаруулах багш ажилчдын дунд хүчит 16 бөхийн барилдаан зохион байгууллаа.



Энэхүү бөхийн барилдаанд цогцолборын багш ажилтнуудаас бүрдсэн хүчит 16 бөх хүч чадал, уран мэхийг уралдуулан барилдсанаас Увс аймгийн завхан сумын харьяат С.Дашням түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат П.Буяннэмэх үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Н.Цэрэндаваа, Төв аймгийн Ар хуст сумын харьяат Н.Анхбаяр нар их шөвөгт шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


Хүүхдүүдийн санаачилсан ажилд идэвхи зүтгэл гарган идэвхитэй оролцсон багш ажилтнууддаа талархал илэрхийлж  цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.


ӨНӨӨДӨР ДУСЛУУЛСАН ХӨЛС БҮХЭН ЧИНЬ
ИРЭЭДҮЙН АМЖИЛТЫН ЭХЛЭЛ БОЛНО



2018/01/30

“Цасны баяр-2018”


Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, нэг өдрийг цэвэр агаарт гарч хөгжилтэй өнгөрүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 26-нд “МУЗН”-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн, Sky Resort цанын баазтай хамтран “Цасны баяр”-ын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагаанд цогцолборын 90 хүүхэд 10 багшийн хамт оролцож хүүхэд, залуучууд олон улсын стандартын цанын баазад уулын болон гүйлтийн цана, сноубоард болон чаргаар гулгах боломж бүрдэж цанын болон уулын спортын талаар мэдлэгтэй болсон.


Хүүхэд, залуучуудын сурч хөгжих үйлсэд хувь нэмрээ оруулж дэмжин тусласан МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн, Sky Resort цанын баазын хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.

ЦЭВЭР АГААР, ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС

2018/01/23

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” хүүхдүүд чууллаа



Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” хүүхэд 1200 гаруй байдаг. Тэдний төлөөлөл болсон тус Цогцолборын 2013 оноос 2017 онд “Д.Нацагдорж тэмдэгтэн” болсон нийт 6 хүүхэд  уулзалдаж, бүлэг удирдсан нийгмийн ажилтан болон бүлэг бүрээс төлөөлөн оролцсон хүүхэд, багачуудад ном уншдаг өөрсдийн арга барилаа ярилцан, номын тэмдэглэл хөтөлдөг туршлагаа солилцлоо.


2014 оны “Д.Нацагдорж тэмдэгтэн” Б.Анударь Япон улсад Нисэхийн Академийн хөгжмийн ахлах ангид суралцдаг ба өвлийн амралтаараа ирээд тус уулзалтад оролцож, сургуулийнхаа номын санд  ном хэрхэн уншдаг тухай сонирхолтой яриа өрнүүлсэн нь уншигч хүүхдүүдэд сонин содон мэдээлэл байлаа.



Асуулт хариултаар үргэлжилж үр дүнтэй болсон энэ уулзалтаас “Д.Нацагдорж тэмдэгтэн” хүүхдүүд өдрөөс өдөрт даяарчлагдан байгаа өнөө  цагийн  уншигч бүрд хандан уриалга гарган, хэрэгжүүлж ажил болгохыг уриаллаа.